Мэндчилгээ
Монголын ахмадын холбоо /МАхХ/ нь эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний сайн сайхны төлөө тэмцэлд зориглон боссон ардын хувьсгалын партизан, баатарлаг эх орончдыг халамжлах, тэдний эрхийг хамгаалах үүрэг зорилготойгоор “Партизаны комисс” нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан 94 жилийн түүхтэй байгууллага билээ. Эдүгээ 400.0 мянга шахам ахмад буурлуудынхаа дуу хоолойг төлөөлөн илэрхийлж, тэдний нийтлэг эрх ашгийг нь хамгаалж, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэх, улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд ахмадуудыг өргөнөөр оролцуулж, ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороод, аж ахуйн нэгж байгууллагад садбар нэгжтэй Үндэсний хэмжээний тогтолцоотой нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага болж улам төлөвшин хөгжиж байна.
Монголын ахмадын холбоо нь ахмад настны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүлж, дүгнэлт хувилбар гаргах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настны асрамж, халамж, амралт сувиллын чиглэлээр төрөл бүрийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг байгууллага, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, ахмадуудын амьдралын нөхцөл байдлыг судалж байнгын анхаарал тавих, тэдний ажил, амьдралын арвин туршлагыг залуу хойч үеийнхэнд өвлүүлэх, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг аймаг, нийслэл, сум, баг, дүүрэг, дүүргүүдийн хороо, аж ахуйн нэгж байгууллагуудын ахмадын хороо, зөвлөлүүдээрээ дамжуулан 15 мянга гаруй идэвхтэн, сонгуультан, 460 гаруй ахмадын хөгжлийн төв, ордон, өргөө, клубүүдээр үйл ажиллагаа явуулж байна.
Монголын ахмадын холбоо нь Ахмад настны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажилд анхнаасаа идэвхтэй оролцсон бөгөөд энэхүү хууль батлагдсанаар ахмад настнуудын нийгмийн хамгаалал, баталгаа улам сайжирч тулгамдсан олон асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж ач холбогдол өгсөөр ирсэн. Монголын ахмадын төв байгууллага нь Аймаг, нийслэл, сум, дүүрэг, яам, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийг мэргэжил арга зүйн удирдлагаар шуурхай хангаж, ахмад настан нэг бүрт хүрч, тэднийг бүртгэн судалж, амьдралд нь дэм тус үзүүлэх, чөлөөт цагийг нь ая тухтай өнгөрүүлэх чиглэлээр нийгэм, соёл, урлаг, спортын олон төрлийн өргөн далайцтай ажлуудыг зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж зуучлан зохицуулах, Ахмад мэргэжилтний зөвлөхийн үйлчилгээний шинэ хэлбэрийг хөгжүүлэх, хөдөлмөр, тэмцлийн түүхэн гавьяаг алдаршуулах, тэдний арвин баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллаж байна.
Монголын ахмадын холбооны зорилго, зорилт, бодлого, үйл ажиллагааны холбогдолтой мэдээлэл лавлагаа, ахмадын байгууллагуудаас Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулахаар төлөвлөж буй ажил, арга хэмжээний ололт, амжилт, хуримтлуулсан туршлага гэхчилэн сонирхсон бүхий л асуудлаар манай цахим сайтад зочилж бидэнтэй ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтойг дурдахад нэн таатай байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн,
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар
Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн Ардын хувьсгалын ахмад партизан баатарлаг эх орончдыг халамжлах, тэдний эрхийг хамгаалах үүрэг зорилготойгоор тэр үеийн Улсын бага хурал, Ардын засгийн газар Партизаны хэрэг эрхлэх комисс-ыг 1931 онд байгуулсанаар эдүүгээгийн Монголын ахмадын холбооны үндэс суурь тавигдсан түүхтэй.
Хожим нь улс орныхоо хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хүндэтгэх, залуу хойч үеийг тэдний хөдөлмөрч, дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, ахмад настанд тавих анхаарал халамжийг дээшлүүлэх зорилгоор 1968 онд дээрх комиссыг тэр үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо” болгон өргөжүүлэн зохион байгуулж ажиллуулсан байдаг.
Мөн түүнчлэн тэтгэвэрт гарсан нийт ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбогдсон бүхий л асуудлыг Төрийн нэрийн өмнөөс эрхлэн гүйцэтгүүлэх зорилгоор 1988 оны 3 дугаар сарын 25-нд Монголын ахмадын холбоо /МАхХ/ болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан болно. Ингэснээр Монголын ахмадын холбоо нь улс орны хөгжлийн түүхэн үе шатны ахмад настны талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн зорилго, зорилт, өөрийн удирдлага зохион байгуулалтыг байнга боловсронгуй болгон хөгжүүлсээр ирсэн 90 шахам жилийн түүхэн замналтай нэгдмэл зорилго, нэгдсэн зохион байгуулалттай Үндэсний хэмжээний тогтолцоо бүхий Монголын анхны төрийн бус иргэний нийгмийн ууган байгууллага болон төлөвшиж хөгжиж ирсэн болно.
Монголын ахмадын холбоо /цаашид МАхХ гэнэ/ нь Монгол улсын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Ахмад настны тухай Монгол улсын хуулийн дагуу зохион байгуулагддаг ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлж ахмад настны талаарх төрийн тодорхой чиг үүргийг гэрээлэн хариуцаж гүйцэтгэдэг нийгэмд үйлчилдэг Үндэсний хэмжээний төрийн бус байгууллага-хуулийн этгээд мөн билээ.
МАхХ-ны эрхэм зорилго нь: Монголын нийт ахмад настнуудын эрх, нийтлэг эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалж, тэдний ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах, ахмад настны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төр, засгийн хууль, тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөнгөлөлт, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
МАхХ-ны үндсэн зорилт нь: Ахмад настнуудын эх орноо хөгжүүлэх, төр, нийгмийн ажил үйлсэд оролцож хувь нэмрээ оруулах чин хүсэл, санал санаачилгыг төр, засагт уламжлан хүргэж, төрийн тодорхой чиг үүргийг гэрээгээр хариуцан гүйцэтгэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх, төр, нийгэм, ахмад, залуу, хойч үеийн залгамж холбоог бэхжүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.
МАхХ нь ахмад настны зүгээс хөдөлмөр, хамтын хүчээ хорших замаар өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлэх, эрүүл мэндээ хамгаалуулах, асрамж халамж үйлчилгээ авах, тэдний эрхийг хангуулах үндсэн дээр холбогдох төр, захиргааны болон мэргэжлийн байгууллага, иргэдтэй ажил хэргийн холбоо тогтоож төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд санаачилга гарган идэвхтэй хамтарч ажиллахыг эрхэмлэдэг.
МАхХ залуучууд, хүүхэд, өсвөр хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеийнхний ажил амьдралын баялаг туршлага, өв уламжлал, ёс заншил, зан суртахуун, хөдөлмөрч чанарыг өвлүүлэхийг зорьдог байна.
МАхХ-ны уриа: “АХМАДЫН ЗАМНАЛ-АЛТАН СУРГАМЖ МӨН”.
МАхХ-ны үйл ажиллагааны зарчим:
МАхХ-ны бүрэн эрх
МАхХ нь нутаг дэвсгэр, засаг захиргааны зарчмаар болон аж ахуйн нэгж байгууллагыг түшиглэн байгуулагдсан Ахмадын байгууллагуудаас бүрдэнэ.
6 давхар, MongolTV Tower, СБД 1-р хороо, Чингис гудам, Улаанбаатар хот, Монгол улс
• Email: info@maep.mn
• Phone: (011) 323305
Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн Ардын хувьсгалын ахмад партизан баатарлаг эх орончдыг халамжлах, тэдний эрхийг хамгаалах үүрэг зорилготойгоор тэр үеийн Улсын бага хурал, Ардын засгийн газар Партизаны хэрэг эрхлэх комисс-ыг 1931 онд байгуулсанаар эдүүгээгийн Монголын ахмадын холбооны үндэс суурь тавигдсан түүхтэй.
© 2025 Монголын ахмадын холбоо • All Rights Reserved.