Ахмадын бага хурал болон ахмадын нийтийн хурлыг зохион байгуулан хуралдуулах нийтлэг журам

Монголын ахмадын холбооны удирдах

зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны

                                                                    өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт

АХМАДЫН БАГА ХУРАЛ БОЛОН АХМАДЫН

НИЙТИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН

ХУРАЛДУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

                                    НЭГ. Ерөнхий зүйл

1.1. Энэ журмаар Монголын ахмадын холбооны дүрмийн 10.1-д заасан ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг зохион байгуулахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулна.

1.2. Ахмадын  бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг зохион байгуулахдаа МАхХ-ны дүрмийн 10.1,10.3 дахь заалтуудыг удирдлага болгоно.

1.3. Ахмадын Бага хурал болон Ахмадын Нийтийн хурал зохион байгуулахтай холбогдсон асуудлаар энэхүү журмын нийтлэг шаардлагад нийцүүлэн тухайн Ахмадын хороо, зөвлөлийн дүрэмд зарим тодорхой зохицуулалтыг журамдаа тусган мөрдөж болно.

ХОЁР. Нутаг дэвсгэрийн харьяалалтай  ахмадын

Бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг

зохион байгуулах

2.1. Аймаг, нийслэлийн ахмадын ээлжит Бага хурлын тов, хэлэлцэх асуудлын чиглэлийг тухайн ахмадын хорооноос ирүүлсэн саналыг харгалзан МАхХ-ны Удирдах зөвлөл батална.

2.2. Сум, дүүргийн ахмадын ээлжит  Бага хурал, сумын баг, дүүргийн хороодын ахмадын  ээлжит  Нийтийн хурлын тов, хэлэлцэх асуудлын чиглэлийг  зохих ахмадын хороо, зөвлөлийн саналыг харгалзан харьяалах дээд шатны ахмадын байгууллагын Тэргүүлэгчид хурлаараа хэлэлцэн батална.

2.3. Ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурлын тов албан ёсоор гармагц хурлын зарыг 7 хоногоос багагүй хугацаанд ахмадын байгууллагад бүртгэлтэй нийт ахмадад бичгээр, эсхүл цахимаар болон бусад хэлбэрээр, хүрэлцэн ирэх боломжтой хугацаанд хүргэнэ. Зар мэдээнд хуралдах байршил, хугацааг тодорхой заана.

2.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын Бага хурлын төлөөлөгчдийн тоо, товыг тухайн шатны ахмадын хорооны Тэргүүлэгчид хэлэлцэж,харьяалах сум, дүүргийн ахмадын хороо, сумын баг, дүүргийн хорооны ахмадын зөвлөл тус бүрээс төлөөлөгч оролцуулсан байхаар тооцож тогтооно.

2.5. Ахмадын зөвлөлөөс ахмадын нийтийн хуралд оролцох ахмадын төлөөллийг сонгохдоо сумын баг, дүүргийн хорооны хэсэг тус бүрээс ахмад настан оролцсон байхаар тооцож тоо, хуваарийг тогтооно. Шаардлагатай бол хуралд оролцох нийт ахмадын тоог зохих дээд шатны ахмадын хороо тогтоож болно.

2.6. Ахмадын Бага хурлын төлөөлөгчдийг сонгох, ахмадын Нийтийн хуралд ахмад настанг оролцуулахдаа  аль нэг хүйсийн зохистой төлөөллийг хангасан байвал зохино.

ГУРАВ. Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх

ахмадын байгууллагаас ахмадын Бага хурал,

ахмадын Нийтийн хурлыг зохион байгуулах

3.1. Төрийн яам, улсын хороо, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, төсөвт албан байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжид түшиглэн байгуулагдсан ахмадын хороо, ахмадын зөвлөл нь ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг  Монголын ахмадын холбооны дүрэм, энэхүү журмыг баримтлан зохион байгуулна.

3.2. Ахмадын хорооноос ахмадын  Бага хурал,  ахмадын зөвлөлөөс ахмадын Нийтийн хурлыг зохион байгуулахдаа хурлын тов,хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж, түшиглэсэн байгууллагын удирдлагад танилцуулж,шаардлагатай дэмжлэг авч зөвшилцөн шийдвэрлэсний үндсэн дээр  зохион байгуулна.

3.3. Байгууллага/ салбар/-ын ахмадын хорооны Бага хурлын төлөөлөгчдийн тоог ахмадын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, нийт ахмадын тоо, хуралдаан зохион байгуулах байрны багтаамж, байгууллагын үйл ажиллагааны онцлог нөхцөл байдал  зэргийг  харгалзан байгууллагын ахмадыг төлөөлөх боломжтой хэмжээгээр тооцож тогтооно.

3.4. Байгууллагын ахмадын зөвлөлөөс Ахмадын нийтийн хурлыг зохион байгуулахдаа Тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж, хурлын тов, байршлыг түшиглэсэн байгууллагын удирдлагатай, хэрэв харьяалах ахмадын хороотой бол  хэлэлцэх асуудлыг түүнтэй тус тус зөвшилцөж шийдвэрлэнэ.

3.5. Байгууллагын ахмадын Нийтийн хурлыг зохион байгуулахдаа бүтцийн нэгж, салбарын төлөөллийг бүрэн хангасан байхаар зохион байгуулна.

3.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ахмадын хороо нь  харьяалах нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ахмадын зөвлөлд ахмадын нийтийн хурал зохион байгуулах асуудлаар чиглэл, зөвлөмж өгч болно.

ДӨРӨВ. Ахмадын Бага хурал, ахмадын Нийтийн

хурлыг ээлжит бусаар хуралдуулах

4.1. Ээлжит бусаар хуралдуулах бодит шаардлага үүссэн гэж үзэж тухайн ахмадын хороо, зөвлөлийн Тэргүүлэгчдийн гуравны хоёроос доошгүй нь санал өгч дэмжсэн, эсхүл харьяалах дээд шатны ахмадын байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг зарлан  хуралдуулж болно.

4.2. Ахмадын хороо, зөвлөлийн ээлжит бус Бага болон Нийтийн хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлыг тогтоохдоо ахмадын хороо, зөвлөлийн дарга,хяналтын зөвлөлийн саналыг албан ёсоор авч, Тэргүүлэгчдийн хурлаар  хэлэлцэж зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх буюу эсхүл харьяалах дээд шатны байгууллагад саналаа хүргүүлж шийдвэрлүүлнэ.

4.3. Ээлжит бус ахмадын  Бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг энэ журмын 2 ба 3 дахь зүйлд заасны дагуу  зохион байгуулна.

ТАВ. Хуралдааны нийтлэг журам

5.1. Ахмадын Бага хурал, Ахмадын нийтийн хуралдааны Тэргүүлэгчдийг сонгох, хуралдааны хэлэлцэх асуудал, дэгийг батлах зэрэг асуудлыг Ахмадын хороо, зөвлөлийн дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.     

5.2. Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтөлж, хуралдаанаас гаргасан шийдвэр, санал хураалтын дүнг хавсаргана.       

5.3. Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар албан ёсны шийдвэр /тогтоол/ гаргаж албажуулна.

5.4. Шаардлагатай гэж үзвэл хуралдааны явцын дуу, дүрсний бичлэг хийж болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн