Ахмад настны талаар 2023-2030 онд баримтлах үндсэн чиглэл

Монголын  ахмадын холбооны ээлжит VIII               

                                                          Их  хурлын 04 дүгээр тогтоолоор батлав.

АХМАД НАСТНЫ ТАЛААР 2023-2030 ОНД

БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Нэг. Ерөнхий мэдээлэл

Ази, Номхон далайн баруун бүсийн хорооноос гаргасан судалгаагаар дэлхийд 65 ба түүнээс дээш насны 700 сая хүн байгаагийн 240 сая нь Ази, Номхон далайн баруун бүсэд амьдарч байна. Энэ бүс нутагт Монгол Улс багтдаг билээ. 2050 он гэхэд энэ тоо 2 дахин нэмэгдэхээр байна. Энэ бүс нутагт хүн амын насжилтын хурд нэмэгдэж, дундаж наслалт уртасч, төрөлтийн түвшин буурч байна. Нас ахих тутам ахмад хүний биеийн эрүүл мэнд, оюуны чадавхи буурдагийг мэддэг боловч эрхэмсэг идэвхтэй амьдрахын тулд тэдэнд юу хэрэгтэй, хүрээлэн буй орчин нь ийм боломж олгож байгаа эсэх талаар тодорхойгүй зүйл маш олон байна. Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад өндөр настан буюу 75 ба түүнээс дээш настан жил ирэх тусам өсч 84 саяд хүрч энэ тоо 2050 онд З дахин нэмэгдэхээр байна.

Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш настны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6,4 хувь байсан бол 2030 онд 11,9 хувь, 2050 онд 21,1 хувьmай тэнцэх магадлалтай байна. Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын дүнд суурилсан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-гоор 55 түүнээс дээш насны хүн амын нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 9,7 хувь байсан бол 2045 онд 19,4 хувь болж, 10 шахам пунктээр нэмэгдэхээр байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэлд “Нийт өндөр насны тэтгэвэр авагчдын 53,3 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Ихэнх ахмад настан буюу 97 хувь нь бага тэтгэвэртэй амьдарч, амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Мөн Монгол Улсад ахмад настнуудын боловсролын түвшин харьцангуй өндөр ч хөдөлмөр эрхлэлтийн түшин доогуур, ахмад настнуудын 31,8 хувь нь ач, зээгээ буюу хүүхэд харах ажил эрхэлж, төрийн алба болон хувийн хэвшилд ахмад настны хөдөлмөрлөх эрх зүйн орчныг нарийвчлан тодорхойлоогүйн улмаас насаар ялгаварлан гадуурхах нөхцөл байдал үүсч байгааг уг илтгэлд дурдсан байна.

Ахмад  настныг ядуурлаас хамгаалах бодлого, үйл ажиллагааг тэдний эрх, ашиг сонирхол, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн шийдвэрлэх, эрүүл мэнд, эрүүл наслалтыг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг урт хугацаанд үзүүлэх, өргөжүүлэх, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн хүрээний аливаа мөлжлөг, ялгаварлалтаас тэднийг ангид байлгах, орчин нөхцөлийг сайжруулах нь нэн тэргүүний зорилт болж байна.

Монгол Улс ахмад  настны талаар цөөнгүй хууль тогтоомж, бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд иргэд “Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх зэрэгт эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасныг үндэслэн 1994 онд нийгмийн даатгалын болон халамжийн багц хуулиуд, 1996 онд Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуулийг баталж, 2005 онд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, 2017 онд Ахмад настны тухай хууль болгон шинэчлэн найруулж батлан хэрэгжүүлж байна.

Иймд ахмад настнуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтээр баримталж байгаа насжилтын асуудлаарх бодлогын үндсэн зарчмууд, Ахмад настны тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн дунд хугацааны бодлогын баримт бичигт үндэслэн Ахмад настны талаар дараах үндсэн чиглэлийг боловсруулж МАхХ-ны ээлжит VIII Их хурлаар батлуулах санал оруулж байна.

Сүүлийн жилүүдэд Ази, Номхон далайн баруун бүсийн хорооноос Ахмад настны талаар дараахь 4 үндсэн зорилтыг дэвшүүлэн тавьсан байна. Үүнд:

1. нас, насжилттай холбоотой хүмүүсийн бодол хандлага, үйлдлийг өөрчлөх;

2. настнуудын чадварыг тэтгэх байдлаар олон нийтийг хөгжүүлэх;

3. настнуудын хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээ болон эрүүл мэндийн анхан    шатны тусламжийг хүртээмжтэй болгох;

4. шаардлагатай настнуудад урт хугацааны тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох.

Хоёр. Ахмад настны талаар баримтлах

Үндсэн чиглэлийн гол зарчим

2.1. Үндсэн чиглэл дараах зарчмыг баримтална:

2.1.1.ахмад настныг нас, хүйс, арьс өнгө, боловсрол, иргэний харьяалал, үндэс  угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, оюун ухаан, бие махбодийн чадвараар ялгаварлан гадуурхагдахаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалах;

2.1.2.ахмад настнууд  нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш боломжоор хангагдах;

2.1.3.дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгууд /2015-2030/, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, ”Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн баримт бичиг”-т туссан зорилт, зарчмуудтай нягт уялдах;

2.1.4.салбар дундын хамтын ажиллагааг чухалчлах, аливаа бодлого, шийдвэр гаргах, төлөвлөн хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянаж, үнэлэх;

2.1.5.хөтөлбөрийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд салбар хоорондын уялдааг хангасан, судалгаа, баримтад үндэслэн бодит хэрэгцээнд тулгуурлах.

Гурав. Үндсэн чиглэлийн зорилго

Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах, тэднийг эрүүл урт наслуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг чиглүүлэхэд энэхүү үндсэн чиглэлийн зорилго оршино.

Дөрөв. Үндсэн чиглэлийн зорилт

4.1. Үндсэн чиглэлийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1.1.ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах;

4.1.2.ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж, үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

4.1.3.ахмад настны чадамжийг дэмжих;

4.1.4. ахмад настны амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах.

Тав. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

5.1. Ахмад настны аж байдлыг дээшлүүлж, ядуурлаас хамгаалах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд онцлон анхаарна:     

5.1.1. холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настанд үзүүлэх нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээний төрөл,чанар, санхүүжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх, тухайн шатны байгууллагын амжиргаа дэмжих зөвлөлд ахмадын байгууллагын төлөөллийг оруулж ажиллах;

5.1.2.ахмад настны насан туршийн боловсролд хамрагдах үйл явцыг дэмжих,  сургалтад хамруулах, чадваржуулах замаар шинээр орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

5.1.3. аж ахуйн нэгж, байгууллагыг “Ахмадын сан” байгуулан ажиллуулах хуулийн заалтыг хангуулж ажиллах;

5.1.4. хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй зэрэг зайлшгүй байнгын асаргаа шаардлагатай ахмад настны онцлог хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн  дэмжлэг үзүүлэх;

5.1.5. аймаг, нийслэл, сум, дүүргүүд ахмад настныг өөрийн орон байртай болгох, түүний нөхцөлийг сайжруулах арга хэмжээг дотоод нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулах;

5.1.6. ахмад настны амьжиргааг дэмжих, ядуурлаас хамгаалахад түншлэл, хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоонд түшиглэн өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний сүлжээ бий болгох.

5.2. Ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилтыг дэмжих, урт хугацааны тусламж үйлчилгээний стратеги төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.2.1. эрүүл насжилт, ахмад настны эрүүл мэндийг дэмжихтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны үнэлгээ хийх, холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг боловсронгуй болгох санал боловсруулах;

5.2.2.Ахмадын байгууллага бүртгэл мэдээллийн цахим нэгдсэн сантай болж, монгол хүний насжилт, ахмад настны эрүүл мэнд, амьдралын чанар байдлын судалгаа ЭША-ыг өргөжүүлнэ.

5.2.3. ахмад настанд зонхилон тохиолддог өвчний үед зайлшгүй хэрэглэх эмийн нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Ахмад настанд зориулж Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг тусад нь батлуулах;

5.2.4. ахмад настныг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, шаардлагатай ахмадуудыг эмчилгээ, сувилгаанд хамруулах ажлыг эрүүл мэндийн төвөөр дамжуулан хэрэгжүүлэх, ахмад настанд гэрээр үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, чанарыг сайжруулах;

5.2.5. ӨЭМТ-үүдийг ахмад настны гератор эмчтэй болгох ажлыг үе шаттай  шийдвэрлэж,хэвтрийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг хяналтанд авах , гэрээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх;

5.2.6.хүн ам олонтой хот,нийслэлийн дүүргүүдийн хороодыг бүсчилж  ахмад настны хөгжлийн төвүүдийг байгуулах.Ахмад настны эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг өргөжүлүүлэх,дэвшилтэт технологи нэвтрүүлэх;

5.2.7. урт хугацаанд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар стандартыг боловсронгуй болгох,тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, асаргааны даатгалын эрх зүйн орчинг бий болгож хяналт үнэлгээг сайжруулах;

5.2.8. гэрээр болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг судалж шийдвэрлүүлэх;

5.2.9. ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх, асаргаа, сувилгааны чиглэлээр сургалтад хамруулах, мэргэшүүлэх, тэдэнд зориулсан зөвлөгөө, дэмжлэг туслалцааг өргөжүүлэх;

5.2.10 хууль тогтоомж,  эрхийн актыг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, нийслэлийн дүүргүүдэд төрийн болон хувийн хэвшлүүдийн хөрөнгөөр төрөлжсөн асрамжийн газруудыг бий болгох, ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох.

5.3. Ахмад настны чадамжийг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1. холбогдох хууль тогтоомж, эрхийн актыг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх;

5.3.2. ахмад настан хөдөлмөрлөх явцад ялгаварлалт, мөлжлөгт өртөж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн ялгаварлалт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах.

5.3.3. ахмад настны  мэргэшлийн ур чадварыг үнэлэх, тэдний дунд ажил, мэргэжлийн уралдаан зохион байгуулах, мэргэшил, ур чадварыг залууст эзэмшүүлэх зэргээр ахмад настны хөдөлмөрийн бүтээмж, чадамжийн талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нөлөөлөх;

5.3.4. гэр бүлийн өвчтэй гишүүнийг асрах, ач зээгээ өсгөн хүмүүжүүлэх зэрэг ахмад настны эрхэлж байгаа хөлсгүй хөдөлмөрийг үнэлэмжтэй болгох чиглэлээр  санал боловсруулж шийдвэрлүүлэх;

5.3.5. Төрийн захиргааны төв байгууллага бүр өөрийн салбарын хэмжээнд зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг мэргэжил, мэргэшлийн чиглэлээр шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд оролцуулах, салбарын албан хаагчдыг чадавхжуулахад зөвлөх, сургагч багшаар ажиллуулах;

5.3.6. Төрийн захиргааны төв байгууллага бүр төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хянах ажиллагаанд ахмад зөвлөхүүдийг мэргэжлийн чиглэлээр оролцуулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдтэй ахмад зөвлөхүүдийг танилцуулах, тэдний санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах;

5.3.7. Төрийн захиргааны төв байгууллага бүр салбарын ахмад ажилтнуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг, онол-практикийн бага хурал зохион байгуулах замаар ахмад болон залуу үеийн залгамж холбоог хангах;

5.3.8. нутгийн захиргааны байгууллага нь ахмад настны дунд биеийн тамир, спорт, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийг жил бүр баталж, төсөвт тусган, хэрэгжилтийг зохион байгуулах;

5.3.9. ахмад настны биеийн тамир спортын баг, соёл, урлагийн хамтлаг,мэргэжил сонирхлын бүлэг, клубийг байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

5.3.10.байгууллага аж ахуйн нэгж ахмад настанд зориулан хөгжлийн танхим,  мэдээллийн төв байгуулж, мэдээллийг амаар, бичгээр, цахимаар, дуут болон дүрс бичлэг зэрэг олон хэлбэрээр авах боломжийг өргөжүүлэх;

5.3.11.Хөгжлийн төв болон (насан туршийн боловсролын төвөөр дамжуулан ахмад настны мэдлэг боловсролын түвшин ахиулах, компьютер, гар утас, интернет, шинэ дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж ашиглах зэрэг) зайлшгүй хэрэгцээт сургалтуудыг тэдний хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;

5.3.12. ахмад настан, түүний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, хууль эрх зүй, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг шаардлагатай зөвлөгөө мэдээлэл өгөх арга хэмжээг зохион байгуулах.

5.4. Ахмад настны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.4.1. эцэг, эх, ахмадаа хүндлэх, асран хамгаалах соёл, хүмүүжил, уламжлалт ёс заншлыг хүүхэд залуучуудад эзэмшүүлэхэд туслах гарын авлага, аудио болон видео хичээл, материал бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;

5.4.2. угийн бичиг хөтлөх, ургийн баяр зохион байгуулахыг дэмжиж, удам дамжин нутаг орондоо нэр хүндтэй яваа гэр бүлүүдийг жишээ болгон сурталчлах, алдаршуулах;

5.4.3. ахмад настныг хүндлэх, дэмжиж туслах эцэг, эхээ асран тэтгэх үр хүүхдийн үүрэг хариуцлагыг хүүхдэд бага наснаас нь ойлгуулах ажлыг боловсролын салбараар дамжуулан зохион байгуулах;

5.4.4. коллеж, их, дээд сургуулийн хүмүүнлэгийн ухааны хичээлийн агуулгад насжилтын асуудлыг тусгуулах;

5.4.5. ахмад настныг ажилд авахдаа ажлын байран дээр, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйг хөдөлмөрийн хамт олны дунд төлөвшүүлэх;

5.4.6. ахмад настны ажил хөдөлмөрийн амжилт, түүхэн гавьяа, залууст үлгэр дуурайл болох үйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах;

5.4.7. ажил олгогч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настан /ажилтан/-ыг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;

5.4.8. улс, орон нутгийн төсөв, дотоодын бусад эх үүсвэр, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр баригдаж байгаа орон сууцны тодорхой хувийг ахмад настанд олгох, сууцны нөхцөлөө сайжруулахад зориулж байх нөхцөл бүрдүүлэх;

5.4.9. ахмадад ээлтэй орчин бүрдүүлж хот, суурин газрын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн эвдрэл гэмтлийг засах, халтиргаа гулгааг арилгах, ахмад настанд тохиромжтой сандал сүүдрэвч зэргийг байршуулах талаар санал шаардлага тавьж ажиллах;

5.4.10. зам талбайн гарц, уулзвар, барилга, байгууламжийн үүд, шат, хонгилыг ахмад настанд ээлтэй аюулгүй, хүртээмжтэй, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, хуучин барилгуудад тэдний өвөрмөц хэрэгцээнд тохирсон нэмэлт хэрэгсэл, төхөөрөмж суурилуулах саналыг төр, захиргаа, аж ахуйн нэгжид тавьж холбогдох арга хэмжээ авахуулах;

5.4.11.төрийн болон нутгийн удирлагын бүх шатны байгууллагууд ГХУСС зөвлөл,хамтарсан багт ахмадын байгууллагын төлөөллийг оруулж ажиллуулах;

5.4.11. ахмад настныг нутаг дэвсгэр, захиргааны харьяалал харгалзахгүйгээр хот доторх нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх.

Зургаа. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хугацаа

6.1. Энэхүү үндсэн чиглэлийг 2023-2030 онд хэрэгжүүлнэ.

Долоо. Үндсэн чиглэлийн үр дүн

7.1. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

7.1.1. ахмад настны аж байдалд эерэг өөрчлөлт гарна;

7.1.2. ахмад настны эрүүл насжилт,  урт наслалт нэмэгдэнэ;

7.1.3. ахмад настны чадамжийн үзүүлэлт сайжирна;

7.1.4. ахмад настны амьдрах орчин, нөхцөл сайжирна.

Найм. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

8.1. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

8.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

8.1.2. гадаадын зээл, тусламж, хандив;

8.1.3. бусад эх үүсвэр.

Ес. Хөтөлбөрийн зохион байгуулалт

9.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран үндсэн чиглэлийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг хийлгэх ажлыг зохион байгуулна.

9.2. Монголын ахмадын төв орон нутгийн төв байгууллага нь үндсэн чиглэлийн шинжилгээ, үнэлгээний дүнг 2 жил тутамд нэг удаа Засгийн газар, Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын төв байгууллагад танилцуулна.

9.3. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Үндэсний хэмжээнд зохион байгуулах, салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголын ахмадын холбоо хамтран хариуцан гүйцэтгэнэ. 9.4. МАхХолбоо, орон нутгийн ахмадын байгууллагууд нь энэхүү үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг Удирдах зөвлөл, тэргүүлэгчдээрээ хэлэлцэн батлуулж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн