Монголын ахмадын холбооны дүрэм

           МАхХ-ны ээлжит VIII их хурлын 2023 оны 10 дугаар

сарын 02-ны өдрийн 05 тоот тогтоолоор баталж,

МАхХ-ны Удирдах зөвлөлийн 2024 оны 09 дүгээр

сарын 18-ны өдрийн 06 тоот тогтоолоор нэмэлт

                                                өөрчлөлт оруулав.

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Оноосон нэр:                     Монголын ахмадын холбоо

Товчилсон нэр:                 МАхХ

Хаяг:                                      Улаанбаатар, Чингисийн өргөн чөлөө VIII байр

                                               Алтай групп VI давхар

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монголын ахмадын холбоо  нь “Ахмад настны тухай” хуулийн 15 дугаар зүйлд заасан, ахмад  настны  нийтлэг  эрх, хууль  ёсны ашиг сонирхлыг улсын  хэмжээнд  төлөөлдөг, ахмад настны талаарх төрийн тодорхой чиг үүргийг хариуцан хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага мөн.

1.2.Монголын ахмадын холбооны эрхэм зорилго нь: Монголын нийт ахмад настнуудын эрх, нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж, эрүүл, тав тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ахмад настныгхөгжүүлэх, тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмж, халамж, тусламж, дэмжлэг, асрамж, хөнгөлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.

1.3.Монголын ахмадын холбооны үндсэн зорилт нь:

1.3.1.ахмад настнуудын эх орноо хөгжүүлэх, төр, нийгмийн ажил үйлсэд оролцож, хувь нэмрээ оруулах  хүсэл, санал санаачилгыг дэмжин өрнүүлж,төрийн холбогдох байгууллагад  уламжлан шийдвэрлүүлэх;

1.3.2.Ахмад настны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

1.3.3.ахмад болон залуу үеийн холбоог бэхжүүлэн, залуучууд, хүүхэд өсвөр хойч үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеийнхний ажил амьдралын баялаг туршлага, өв уламжлал, ёс заншил, зан суртахуун, хөдөлмөрч чанарыг өвлүүлэх;

1.3.4.ахмад настны хууль ёсны эрх, эрх чөлөөг хангуулах,тэдгээрийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор холбогдох төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага,төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёл урлагийн байгууллага, иргэдтэй ажил хэргийн холбоо тогтоож, ахмад настны хөгжлийг дэмжих чиглэлээр улс, орон нутгийн хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

1.3.5.ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал,  нийгмийн даатгал, халамж, үйлчилгээтэй холбогдох хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг, эрх зүйн хэм хэмжээний актын төсөл боловсруулахад оролцож, ахмад настны ашиг сонирхлыг илэрхийлж, тусгуулах.

1.4. Монголын ахмадын холбоо нь гишүүнчлэлгүй, татвар хураамжгүй байна.  

1.5. Монголын ахмадын холбоо нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн байгууллагын эрхэм зорилгоо илэрхийлсэн бэлэг тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, тогтмол хэвлэлтэй байна.

Хоёр. Монголын ахмадын холбооны үйл ажиллагааны

зарчим, чиглэл

2.1. Монголын ахмадын холбоо нь үйл ажиллагаандаа дор дурдсан зарчмыг баримтална:

2.1.1.ахмад настан бүрт яс үндэс, нас хүйс, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодол,  мэргэжил боловсрол, хөрөнгө чинээ, эрхэлж байсан ажил, хөдөлмөр зэргээр үл ялгаварлан тэгш үйлчлэх;

2.1.2.нэгдмэл удирдлага, хууль дээдлэх;

2.1.3.улс төрөөс ангид байж, үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод явуулах;

2.1.4.төлөөллийн байгууллагуудаар уламжлан үйл ажиллагаагаа ахмад настнуудад тайлагнах.

2.2. Монголын ахмадын холбоо нь үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулна:

2.2.1.төр засгаас баталж гаргасан ахмад настны асуудлаарх хууль, тогтоол, шийдвэр, төрийн бодлогын баримт бичгүүд, Үндэсний хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах;

2.2.2.ахмад настны талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хяналт тавих, судалгаа, хяналт үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах;

2.2.3.ахмад настны эрхийг хамгаалах, аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт, хэлэлцүүлэг явуулах;

2.2.4.эрх, ашиг сонирхлоо хамгаалах мэдлэг, ойлголт, чадавх эзэмшүүлэх сургалт зохион байгуулах;

2.2.5.эрх нь зөрчигдсөн хохирогчид хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;

2.2.6.Ахмад настны тухай хуулийн 7-р зүйлд заасны дагуу холбогдох байгууллагаас ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээг зохион байгуулах, ахмад настны цогц үнэлгээ хийж, түүнд суурилан цогц үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлж, хяналт тавих;

2.2.7.туршлага солилцох, зөвлөлдөх уулзалт манлайллын болон нөлөөллийн ажлууд зохион байгуулах.

Гурав. Монголын ахмадын холбооны эрх, үүрэг

3.1. Монголын ахмадын холбоо нь  энэхүү дүрмийн 1.3-т заасан үндсэн зорилтоо хэрэгжүүлэхдээ дараах эрх эдэлнэ:

3.1.1.ахмад настны эрх, ашиг сонирхол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, бодит орлого, амьдрал ахуйн орчин нөхцөл, тэдний өмнө  тулгамдаж буй асуудлаар мэдээлэл цуглуулан судалгаа хийж, холбогдох байгууллагуудтай хамтран асуудал боловсруулж Улсын Их Хурал, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга, холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.1.2.ахмад настны холбогдолтой асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ахмадуудад хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгуулах, бусад хөнгөлөлт, туслалцаа үзүүлэх талаар холбогдох байгууллагад нь шаардлага тавих;

3.1.3.ахмад настны асрамж, сувилал, үйлчилгээний байгууллагуудыг магадлан итгэмжлэх зөвлөл, хүний эрхийн иргэний зөвлөл, амьжиргаа дэмжих зөвлөл, хохирогчдын нөхцөл, аюулгүй байдлын үнэлгээ, зэрэглэл тогтоох ажлын хэсэг, зөвлөлд төлөөллөө оролцуулах;

3.1.4.ахмадуудын нэр төр, хөдөлмөр, бүтээлийг алдаршуулах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, баялаг туршлага, гавьяат үйлсийг нь түгээн дэлгэрүүлэх, тэдний эрдэм оюун, ур ухаан, туршлагаас суралцуулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудтай хамтран зохион байгуулах, тэдний дэмжлэг оролцоотойгоор ахмад настнуудад хөнгөлөлт тусламж олгох ажлыг санаачлан хэрэгжүүлэх;

3.1.5.өмчийн төрөл бүрийн хэвшлийн ахмадын амралт, сувилал, асрамжийн газар, халамжийн төв, энэрлийн сан, бусад байгууллагатай ажил төрлийн холбоо тогтоож, хамтран ажиллах;

3.1.6.ахмад настныг тэтгэж, асрах үүрэг бүхий байгууллага, иргэдээс үүргээ биелүүлэхэд нь дэмжин тусалж, зөвлөгөө өгөх;

3.1.7.ахмад настанд үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үйлчилдэг эмнэлэг, сувиллын газрыг өргөтгөх, шинээр байгуулах, ахмад настны эрүүл мэндийг нөхөн сэргээн, эрт өтлөлтөөс сэргийлэх, эрүүл урт наслахтай холбогдсон арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцох;

3.1.8.ахмад настнуудыг хүсэлтийн нь дагуу үйлдвэрлэл-үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагааг дангаараа болон хоршиж эрхлэхэд нь арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, зуучлан оролцох;

3.1.9.ахмад настнуудыг соёл урлагийн арга хэмжээ, эрүүл мэндийн хөдөлгөөнт дасгал, аялал зугаалганд хамруулж, тэдэнд идэвхтэй хөдөлгөөн, зөв зохистой хооллолт, сэтгэл санааны амар амгалан байдал, эрүүл мэндийн  тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг олгоход эрдэмтэн судлаач эмч, арга зүйч, мэргэжилтнүүдийг оролцуулж сурталчлан таниулах нөхцөл бололцоог бүрдүүлэх;

3.1.10.ахмад настны талаарх хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, ахмад настны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон асуудлаарх Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, зөвлөмжүүдийг үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулж, мөрдүүлэх талаар санал, санаачилга гаргах;

3.1.11.tх орны хөгжилд ач холбогдолтой төсөл, хөтөлбөрт ахмадуудын оролцоо, хувь нэмрийг өргөжүүлэх ажил зохиох;

3.1.12.ахмад настны амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг татан оролцуулах үйл ажиллагаа явуулах;

3.1.13.дүрмийнхээ зорилгод нийцсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах, хууль тогтоомжийн дагуу өмч эзэмших, үйлдвэр, үйлчилгээний газар байгуулах;

3.1.14.ажлын албаны бүтэц, удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын цалин, хөдөлмөрийн хөлс, олгох журмыг бие даан тогтоох;

3.1.15.үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хууль тогтоомжийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх;

3.1.16.нийгмийн амьдралын тодорхой асуудлаар дүрмийнхээ хүрээнд уриалга, санаачилга,  байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргах;

3.1.17.ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

3.1.18.дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах.

3.2. Монголын ахмадын холбоо нь дараах үүрэг хүлээнэ:

3.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, өөрийн дүрмийг чанд дагаж мөрдөх;

3.2.2.ахмад  настны холбогдолтой төрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцан гүйцэтгэх;

3.2.3.өөрийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжинд заасан мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд гаргаж өгөх;

3.2.4.жил бүр үйл ажиллагааныхаа тайланг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлэх.

                Дөрөв. Монголын ахмадын холбооны бүтэц,

                                зохион байгуулалт, удирдлага

4.1. Монголын ахмадын холбоо /цаашид МАхХ гэнэ/ нь  МАхХ-ны Удирдах зөвлөл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  зарчмаар болон байгууллага, аж ахуйн нэгжийг түшиглэн байгуулагдсан ахмадын байгууллагуудаас бүрдэнэ.

4.2. Аймаг, сум, нийслэл, нийслэлийн дүүрэгт  ахмадын хороо ,сумын баг,  дүүргийн хороонд  ахмадын зөвлөл ажиллана.

4.3. Төрийн яам, улсын хороо, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, төсөвт албан байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд /шаардлагатай бол салбарын хэмжээнд/ ахмадын хороо, эсхүл ахмадын зөвлөл ажиллана.

4.4. МАхХ-ны удирдах дээд байгууллага нь МАхХ-ны Их хурал, түүний чөлөөт цагт ажиллах МАхХ-ны Удирдах зөвлөл байна.

4.5. Ахмадын хорооны ахмадын Бага хурал, ахмадын зөвлөлийн ахмадын Нийтийн хурлын чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчид ажиллана.

4.6. МАхХ-ны Ерөнхийлөгч нь МАхХ-г дотоод, гадаадад төлөөлж, МАхХ-ны дүрэм, МАхХ-ны Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.

4.7. Гүйцэтгэх захирал МАхХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, Ажлын албыг удирдана.

4.8. Ахмадын хорооны дарга нь төсвийн шууд захирагч байж, хорооныхоо өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж удирдана.

4.9. Ахмадын хороо, зөвлөл нь хэсэг, хамтлаг, зөвлөл, клуб зэрэг үйл ажиллагааныхаа зохион байгуулалтын хэлбэрийг  өөрөө тогтооно.

                  Тав. МАхХ-ны Их хурал, түүний бүрэн эрх

5.1. МАхХ-ны ээлжит Их хурал 5 жил тутамд хуралдана. МАхХ-ны Удирдах зөвлөл ээлжит болон ээлжит бус Их хурлыг товлон зарлаж хуралдуулна.

5.2. МАхХ-ны Их хурал дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

5.2.1. МАхХ-ны Бодлогын баримт бичгүүд, үйл ажиллагааны хөтөлбөр;

5.2.2. МАхХ-ны үйл ажиллагааны тайлан, хөтөлбөрийн хэрэгжилт;

5.2.3. МАхХ-ны дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;

5.2.4. МАхХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох, батлах,  чөлөөлөх, огцруулах, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;

5.2.5. Хяналтын зөвлөлийн тайлан;

5.2.6. МАхХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах тухай асуудал;

5.2.7. Хууль тогтоомж, энэхүү дүрэмд заасан эрх хэмжээнд нийцүүлэнбусад асуудал.

5.3. МАхХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн, эсхүл аймаг, нийслэлийн   ахмадын хороодын  гуравны хоёрын шаардлагаар МАхХ-ны ээлжит бус Их хурлыг  зарлан хуралдуулж болно.

            Зургаа. МАхХ-ны Удирдах зөвлөл, түүний бүрэн эрх

6.1. МАхХ-ны Их хурлын чөлөөт цагт МАхХ-ны Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, МАхХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий МАхХ-ны Удирдах зөвлөл ажиллана.

6.2. МАхХ-ны Удирдах зөвлөл 17-21 хүний бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвшилцсөний үндсэн дээр хүн амын хөгжил, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн зэрэг асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллагын төлөөллийг албаны чиг үүргийнх нь дагуу оруулж ажиллуулж болно.

6.3. МАхХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх жагсаалтыг бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Удирдах зөвлөл урьдчилан бэлтгэж Их хуралд оруулна. Их хурлын төлөөлөгчид Удирдах зөвлөлийн гишүүнд нэмж нэр дэвшүүлж жагсаалтад оруулж болно.

6.4. Их хурал Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэж, ил санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчээс эхлэн эрэмбэлж, дүрэмд заасан тооны гишүүдийг сонгоно.

6.5. МАхХ-ны Ажлын алба нь МАхХ-ны Удирдах зөвлөлд техник, зохион байгуулалт, арга зүйн дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлөөр хангана.

6.6. МАхХ-ны Удирдах зөвлөл дор дурдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

6.6.1. ахмад настны холбогдолтой асуудлаар холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, зөвлөмж, шаардлага, мэдэгдэл гаргах;

6.6.2. МАхХ-ны дэд ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх, огцруулах;

6.6.3. МАхХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүн өөрөө хүсэлт гаргасан, Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буюу хууль тогтоомж, холбооны дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд Удирдах зөвлөлийн болон Хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн сонгох;

6.6.4. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлах, шалгаруулах, журам баталж мөрдөх, Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, огцруулах;

6.6.5. МАхХ-ны Ажлын албаны бүтэц, орон тоог батлах;

6.6.6. МАхХ-ны жилийн төсөв /орлого, зарлага/ батлах, түүний гүйцэтгэлийн тайланг Хяналтын зөвлөлийн үнэлгээ, дүгнэлттэйгээр хэлэлцэх;

6.6.7. Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын албан тушаалын үндсэн цалин, Удирдах зөвлөлийн гишүүдийн урамшууллын хэмжээг тогтоох;

6.6.8. МАхХ-ны дүрэм, үйл ажиллагааны хөтөлбөр, МАхХ-ны  Их хурлыншийдвэрийн биелэлтийн явц, байдлыг хэлэлцэж холбогдох арга хэмжээ авах;

6.6.9. аймаг, нийслэлийн Ахмадын хороодоос гаргасан шийдвэр нь хууль тогтоомж, МАхХ-ны дүрэмд харшилсан бол уг шийдвэрийг хүчингүй болгох;

6.6.10. хууль тогтоомж, энэ дүрэмд заасан бусад асуудал.

6.7. МАхХ-ны Удирдах зөвлөл үйл ажиллагаандаа доор дурдсан журмыг мөрдөнө:

6.7.1 Удирдах зөвлөлийн ээлжит хурал улиралд нэгээс доошгүй удаа нийт гишүүний гуравны хоёрын ирцтэйгээр хуралдана.

6.7.2 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд асуудлыг хурлаараа хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

6.7.3 Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй гишүүний хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулна.

6.7.4 Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байна. Тогтоолд Удирдах зөвлөлийн дарга, гишүүд,  тэмдэглэлд Удирдах зөвлөлийн дарга, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурж албажуулна.

6.7.5 Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбарыг бичгээр авч хурлын тэмдэглэлд хавсаргана.

6.7.6 Удирдах зөвлөл нь  асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэх бөгөөд хууль тогтоомж, энэ дүрэмд  заасан болон хувь хүний эрхийг хамгаалах үүднээс гишүүдийн олонхи дэмжсэн тохиолдолд асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

            Долоо. МАхХ-ны Ерөнхийлөгч, түүний  бүрэн эрх

7.1. МАхХ-ны Ерөнхийлөгчийг МАхХ-ны Их хурлаас сонгоно.

7.2. МАхХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь төр, нийгэм, олон түмний дотор нэр хүндтэй, удирдан зохион байгуулах ажлын дадлага туршлагатай, ял шийтгэл хүлээж байгаагүй Монгол улсын иргэн байна.

7.3. МАхХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг шинээр байгуулагдсан Удирдах зөвлөл анхдугаар хурлаараа хэлэлцэнэ. Уг хурлыг Удирдах зөвлөлийн хамгийн ахмад гишүүн удирдана.

7.4. Удирдах зөвлөл тооллогын комисс байгуулж, нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэг нэр  дэвшигчийг МАхХ-ны  Их хуралд оруулна.

7.5. Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар  аль нэг төлөөлөгчийг МАхХ-ны Ерөнхийлөгчид  нэр дэвшүүлэн өрсөлдүүлж болно.

7.6. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг танилцуулна. Нэр дэвшигчид хөтөлбөрөө танилцуулж дууссаны дараа Тооллогын комисс байгуулж, тэдний нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар саналын хуудсанд бичиж, төлөөлөгчдийн нууцсанал хураалт явуулна.

7.7. Санал хураалтын дүнгээр МАхХ-ны Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг МАхХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь баталгаажуулсан Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

7.8. Хэрэв МАхХ-ны  Их хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн /санал нь тэнцсэн нэр дэвшигчдийн/ талаар дахин санал хурааж, санал хураалтаар Их хурлын төлөөлөгчдийн  олонхийн санал авсан нэр дэвшигчийг МАхХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь баталгаажуулсан Их хурлын тогтоол батлагдсанд тооцож түүнийг уншиж танилцуулна.

7.9. Саналын хуудсанд нэг нэр дэвшигч бичигдсэн тохиолдолд Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар санал хураалтыг илээр явуулж болно.

7.10.  МАхХ хүндэт Ерөнхийлөгчтэй байж болно. Хүндэт Ерөнхийлөгчийн эрх, үүрэг, түүнд хүндэтгэл үзүүлэх журмыг Удирдах зөвлөл батална.

7.11. МАхХ-ны Ерөнхийлөгч Удирдах зөвлөлийг тэргүүлж дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.11.1. МАхХ-ны дүрэм, үйл ажиллагааны хөтөлбөр, Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

7.11.2. ахмад настны талаарх төрийн зарим чиг үүргийг МАхХ-ны төв, орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр Засгийн газар, түүний холбогдох сайдтай гэрээ байгуулж биелэлтийг хангуулах;

7.11.3. МАхХ-ны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох асуудлаар шийдвэрийн төсөл, санал боловсруулан Удирдах зөвлөлд оруулах;

7.11.4. МАхХ-ны Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах журам, зохион байгуулалтын асуудлаар санал боловсруулж, Удирдах зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх;

7.11.5. МАхХ-ны Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж хэрэгжилтийг хангуулах, гэрээний биелэлтийн талаар Удирдах зөвлөлд мэдээлэл оруулах;

7.11.6. Ахмад настныг хууль тогтоомжид заасны дагуу төрийн дээд шагнал /цол, одон, медаль/-д тодорхойлох, санал гаргах;

7.11.7. Удирдах зөвлөлд танилцуулсны үндсэн дээр аймаг, нийслэлийн ахмадын хорооны даргад нэр дэвшүүлэн тухайн шатны бага хуралд оруулах,  төлөөлөгчдийн олонхийн санал авч сонгогдсон хорооны даргыг батламжлах. Нэр дэвшүүлэх, сонгох журмыг зөрчсөнөөс бусад тохиолдолд сонгогдсон хорооны даргыг батламжилна.

7.11.8. МАхХ-г гадаад, дотоодод төлөөлөх;

7.11.9. МАхХ-ны төсвийн ерөнхийлөн захирагчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон асуудлыг Удирдах зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх.

7.11.10. МАхХ-ны ерөнхийлөгч МАхХ-ны дүрэмд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар захирамж гаргана.

7.12. МАхХ-ны Ерөнхийлөгчийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулна:

7.12.1. биеийн эрүүл мэндийн улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

7.12.2. өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон;

7.12.3. ёс зүйн ба ашиг сонирхлын зөрчил гаргасан, авилга, албан тушаалын болон бусад гэмт хэрэгт холбогдсон нь Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхэд харшилна гэж Удирдах зөвлөл үзсэн.

7.13. Ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр энэ дүрмийн 7.12.1, 7.12.2-д заасан тохиолдолд үүрэгт ажлаас чөлөөлж, 7.12.3-д заасан тохиолдолд огцруулна.

7.14. Ерөнхийлөгчийг чөлөөлж, огцруулах асуудлыг ээлжит бус Их хурлаар  шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзвэл Удирдах зөвлөл ээлжит бус Их хурлыг товлон зарлаж хуралдуулна.

7.15. Хэрэв ээлжит бус Их хурал зарлах шаардлагагүй гэж үзвэл энэ тухай шийдвэрийг Удирдах зөвлөлийн нийт  гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэнээр гаргана.

7.16. Ерөнхийлөгчийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулсан бол МАхХ-ны Их хурлыг  товлон зарлаж хуралдуулна.

7.17. Энэ дүрмийн 7.12-д заасан үндэслэлээр Ерөнхийлөгчийг чөлөөлсөн, огцруулсан тохиолдолд шинэ Ерөнхийлөгчийг сонгох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн үүргийг  Удирдах зөвлөлөөс  томилсон гишүүн түр орлон гүйцэтгэнэ.

            Найм. Гүйцэтгэх захирал, түүний бүрэн эрх

8.1. МАхХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хүрээнд удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүргийг МАхХ-ны Гүйцэтгэх захирал эрхлэн гүйцэтгэнэ.

8.2. Гүйцэтгэх захирал нь МАхХ-ны дүрэм, Удирдах зөвлөлөөс баталсан бүтэц, зохион байгуулалтын дагуу  Ажлын албыг бүрдүүлж, түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр ханган дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

8.2.1. МАхХ-ны эд хөрөнгө, төсөв, санхүүг захиран зарцуулах төсвийн шууд захирагчийн эрх үүрэг хүлээж, санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах;

8.2.2. Ажлын албаны эрхлэх чиг үүргийг тодорхойлж, ажлын байрны эрэлт хэрэгцээний шаардлага, шалгуурыг боловсруулах, хөдөлмөрийн харилцааг зохицуулах;

8.2.3. Ажлын албаны хүний нөөцийг бүрдүүлэхдээ мэргэжил, мэдлэг чадвар, ёс зүйн шалгуурыг үндэс болгон ажилтнуудыг сонгон шалгаруулж томилох, тэдний албан тушаалын үндсэн болон нэмэгдэл цалин, урамшууллыг зохих журмын дагуу тогтоож олгох, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах;

8.2.4. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл аюулгүй байдал, стандарт орчин нөхцөлийг Ажлын албаны хэмжээнд тогтоож мөрдүүлэх, хяналт тавих;

8.2.5. албан хэргийн хөтлөлт, байгууллага, хувь хүний нууцлал, техник, технологи, цахим хэрэглээг нэвтрүүлэх;

8.2.6. байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, бүртгэл, тооцоо, тооллого, тайлан гаргалт, тушаалт, санхүү, татварын байгууллагуудтай хийх төлбөр тооцоог хариуцах;

8.2.7. МАхХ-нд иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол хүсэлт зэрэг албан харилцааны асуудлыг шуурхай зохицуулах.

8.3. Гүйцэтгэх захирал МАхХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн өмнө гүйцэтгэх чиг үүрэгтээ хамаарах бүхий л асуудлыг хариуцах ба төв, орон нутгийн төрийн захиргааны болон иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй өөрийн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд харилцаж ажиллана.

8.4. Гүйцэтгэх захирлаар Монгол улсын иргэнийг Удирдах зөвлөл сонгон шалгаруулж томилно. Сонгон шалгаруулах журмыг Удирдах зөвлөл батална. Гүйцэтгэх захирал нь дор дурдсан шалгуурыг хангасан байна. Үүнд:

8.4.1. дээд боловсролтой

8.4.2. төр, засгийн болон олон нийтийн удирдах байгууллагад ажиллаж бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг улс, орон нутгийн аль ч түвшинд хариуцан ажиллаж байсан дадлага туршлагатай;

8.4.3 төр, нийгэм, олон түмний дунд нэр хүндтэй, ёс зүйн зөв төлөвшилтэй, авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, ял шийтгэл хүлээж байгаагүй;

8.4.4 харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, бүтээлч, санаачилгатай;

8.4.5 арваас доошгүй жил ахлах мэргэжилтэн, түүнээс дээш түвшний ажил алба эрхэлж байсан Монгол улсын иргэн байна.

8.5. Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа 5 жил байна. Нэг удаа дахин томилогдож ажиллаж болно.

8.6. Гүйцэтгэх захирал томилогдох хооронд болон удаан хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй байх тохолдолд түүний албан үүргийг Удирдах зөвлөлөөс томилсон гишүүн эрхлэн хэрэгжүүлнэ.

8.7. Гүйцэтгэх захирал улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ.

8.8. Гүйцэтгэх захирал ажлын дутагдал, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хариуцлага тооцох асуудлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр ногдуулна.

8.9. Гүйцэтгэх захирал өмч, хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх, хууль тогтоомж зөрчиж, төсөв, санхүүгийн ноцтой зөрчил, авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон, ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Удирдах зөвлөлийн шийдвэрээр огцруулна.

8.10. Гүйцэтгэх захирал өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.   

              Ес. МАхХ-ны хөрөнгө, төсөв, санхүү

9.1. МАхХ нь өөрийн гэсэн биет болон мөнгөн хөрөнгө, төсөв, санхүүтэй байна.

9.2. МАхХ-г улсын төсвөөс санхүүжүүлнэ.

9.3.МАхХ-ны хөрөнгө нь өвлөгдөн уламжлагдаж ирсэн болон шинээр худалдаж авсан, мөн хандив тусламжаар олгогдсон, МАхХ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, МАхХ-ны байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгөөс бүрдэнэ.

9.4.МАхХ-ны орлого, мөнгөн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

9.4.1.ахмад настны талаар хуулиар хүлээсэн төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр МАхХ хариуцан гүйцэтгэсний төлөө улсын төсвөөс олгосон санхүүжилт;

9.4.2.гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт хамрагдаж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого, санхүүжилт;

9.4.3.гадаад, дотоодын байгууллага, иргэдээс нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр МАхХ-д үзүүлсэн хандив, тусламж, дэмжлэг;

9.4.4.өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, зөвлөх үйлчилгээг бусдын захиалгаар явуулах, үндсэн зорилгодоо нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж олсон орлого;

9.4.5.бусад орлого.

9.5.МАхХ олсон орлогоо дүрэмд заасан үндсэн үйл ажиллагаандаа зориулан   зарцуулна.

9.6.МАхХ төсөв, санхүүгийн зарцуулалтын тайлан тэнцлийг зохих журам, дүрмийн дагуу гаргаж татвар, нийгмийн даатгалын болон эрх бүхий холбогдох байгууллагуудад тогтоосон хугацаанд тайлагнана.

                Арав. МАхХ-ны дотоод, гадаад хамтын ажиллагаа

10.1. Ахмад настны талаар төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг салбарын болон мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан ахмадын холбоод, иргэний нийгмийн төрийн бус байгууллагуудтай ажил төрлийн холбоо тогтоож, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.

10.2. МАхХ нь өв уламжлал-ёс заншил, спорт, соёл урлаг, үйлчилгээ, сургалт сурталчилгааны төвүүдийг ахмадуудын санаачилгад тулгуурлан тэдний оролцоонд түшиглэн дэмжиж ажиллуулна.

10.3. НҮБ-ын Хүн амын сан, Олон улсын ахмадын байгууллага, Олон улсын хөгжлийн ба Хүний эрхийн байгууллагууд, Эрдэм шинжилгээний судалгааны болон сургалтын байгууллагууд, тэдгээрийн бүс нутгийн болон Монгол улс дахь төлөөлөгчийн газруудтай  МАхХ-ны дүрэм, хууль тогтоомжийн хүрээнд харилцаа тогтоож, тэдний дэмжлэг туслалцааг авч идэвхтэй хамтран ажиллана.

10.4. Монгол Улстай найрамдал, хамтын ажиллагааны гэрээ бүхий улс орнуудын ахмадын асуудал хариуцсан төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай харилцаа тогтоож хамтран ажиллана.

10.5. Сонирхогч талуудтай хамтран ахмадын байгууллагуудын туршлага солилцох, хамтарсан хурал зөвлөгөөн, соёл, спортын төрөл бүрийн ажлыг дотоод, гадаадад зохион байгуулна.    

                  Арван нэг. МАхХ-ны Хяналтын зөвлөл

11.1. МАхХ нь  МАхХ-ны дүрэм, МАхХ-ны Их хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт,санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалт, төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийн байдал, үр дүн, албан хэргийн хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөлтэй байна.

11.2. МАхХ-ны Их хурлаас Хяналтын зөвлөлийг 3-5 гишүүнтэй байгуулж,  гишүүдийг нэр дэвшигч тус бүрээр буюу бүрэлдэхүүнээр нь илээр санал хурааж сонгоно.

11.3.Хяналтын зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос сонгож, МАхХ-ны Их хурлын тогтоолоор баталгаажуулна. Хяналтын зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, гишүүдийн ажил үүргийн  хуваарийг баталж, зөвлөлөөс гарах тогтоол, дүгнэлтэд гарын үсэг зурна.

11.4. Хяналтын зөвлөлийн гишүүд нь МАхХ-ны Их хурал, Удирдах зөвлөлийн хуралд  зөвлөх эрхтэй оролцоно.

11.5. Хяналтын зөвлөл  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.5.1. МАхХ-ны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа хяналт шалгалт хийж, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах;

11.5.2. МАхХ-ны Их хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалтад  төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах;

11.5.3. МАхХ-нд ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд хяналт тавих;

11.5.4. МАхХ-ны албан хэргийн хөтлөлт, Ажлын албаны үйл ажиллагаа, дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавих;

11.5.5. хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг , шийдвэртэй танилцах, холбогдох ажилтнаас тайлбар гаргуулах, хяналтын зөвлөлийн хуралд дуудаж оролцуулах;

11.5.6. хяналт шалгалтынхаа дүнтэй холбогдуулан Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захиралд танилцуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар санал оруулж шийдвэрлүүлэх;

11.5.7. Ахмадын хороодын дэргэдэх Хяналтын зөвлөлүүдийг арга зүйн удирдлагаар хангах, зөвлөж чиглүүлэх, тэдний ажилд хяналт үнэлгээ хийж зөвлөмж өгөх

11.5.8 Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захиралд танилцуулсны үндсэн дээр хяналт шалгалтынхаа дүнгийн талаар мэдээлэл хийх.

11.6. Хяналтын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, МАхХ-ны Удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэх асуудлаар тогтоол, дүгнэлт,  хяналт шалгалтын дүнгээр танилцуулга, зөвлөмж гаргана.

11.7. Хяналтын зөвлөл нь бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар МАхХ-ны Их Хуралд тайлагнаж, Удирдах зөвлөлд жил бүр танилцуулна.

Арван хоёр. Орон нутгийн ахмадын байгууллагын

удирдлага зохион байгуулалт

12.1. МАхХ-ны харьяалалд аймаг, сум, нийслэл, дүүрэгт ахмадын хороо,сумын баг, дүүргийн хороонд ахмадын зөвлөл ажиллана. Энэ дүрмийн 4.3-т заасан байгууллагад харьяалагдах ахмадын тоо, байгууллагын бүтэц, зохион байгуулалтаас хамаарч ахмадын хороо, эсхүл ахмадын зөвлөл ажиллана.Хэрэв салбарын удирдах байгууллага нь тухайн салбарын хэмжээнд ахмадын байгууллага ажиллах шаардлагатай гэж үзэж МАхХ-ны Удирдах зөвлөлтэй зөвшилцөж, санхүү, төсвийн асуудлыг шийдвэрлэсэн бол тухайн салбарын ахмадын хороо ажиллаж болно.

12.2. МАхХ-ны харьяа ахмадын  байгууллагын  удирдах байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүргийн ахмадын хороонд “ахмадын Бага хурал”, сумын баг, дүүргийн хорооны ахмадын зөвлөлд “ахмадын Нийтийн хурал”, энэ дүрмийн 4.3-т заасан байгууллагын ахмадын хороонд  “ахмадын Бага хурал”, ахмадын зөвлөлд “ахмадын Нийтийн хурал” байна. Ээлжит ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурал нь 5 жил тутамд хуралдана.

12.3. Энэ дүрмийн 12.2-т заасан  ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурлыг зохион байгуулан хуралдуулах нийтлэг журмыг МАхХ-ны Удирдах зөвлөл батална.

12.4. Аймаг, нийслэлийн ахмадын хорооны ээлжит  ахмадын Бага хурлын тов, хэлэлцэх асуудлын чиглэлийг МАхХ-ны удирдах зөвлөл, сум, дүүргийн ахмадын хорооны ахмадын Бага хурал, сумын баг, дүүргийн хорооны ахмадын зөвлөлийн ээлжит ахмадын Нийтийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг харьяалах дээд шатны ахмадын байгууллагын Тэргүүлэгчид тогтооно. Энэ дүрмийн 4.3-т заасан байгууллага дахь ахмадын Бага хурал, ахмадын Нийтийн хурлын тов, байршил, шаардлагатай санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх асуудлыг түшиглэсэн байгууллагын удирдлагатай, хэлэлцэх асуудлыг тухайн ахмадын байгууллагын Тэргүүлэгчид өөрөө, эсхүл  харьяалах дээд шатны ахмадын байгууллагатай энэ дүрмийн 12.3-т заасан журмын дагуу зөвшилцөн тогтооно.

12.5. Энэ дүрмийн 4.2, 4.3-т заасан ахмадын байгууллагын ахмадын Бага хурал болон ахмадын Нийтийн хурлаас ахмадын хороо, зөвлөлийн дарга, Тэргүүлэгчдийг сонгож тогтоол гаргана.

12.6. Аймаг, сум, нийслэл, дүүргийн ахмадын хорооны Тэргүүлэгчдийн тоог 7-15 хүртэл, сумын баг, дүүргийн хорооны  ахмадын зөвлөлийн Тэргүүлэгчдийн тоог тухайн сум, хороо, багийн нийт ахмадын тоог харгалзан 5-15 хүртэл байхаар тогтооно.

12.7. Аймаг, нийслэлийн ахмадын хорооны даргад тухайн орон нутагт оршин суудаг, ахмадуудын дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй, удирдан зохион байгуулах ажлын ур чадвар, туршлагатай Монгол улсын иргэнийг ахмадын Бага хурлын бүрэлдэхүүн дотроос нэр дэвшүүлж сонгоно. МАхХ-ны Удирдах зөвлөлд танилцуулсны үндсэн дээр МАхХ-ны Ерөнхийлөгч нь аймаг, нийслэлийн ахмадын хорооны даргад нэр дэвшүүлэн өрсөлдүүлж болно.

12.8. Энэ дүрмийн 12.7-д заасны дагуу нэр дэвшиж  сонгогдсон аймаг, нийслэлийн  ахмадын хорооны даргыг батламжлуулахаар ахмадын Бага хурлын тогтоол гаргаж МАхХ-ны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

12.9. Энэ дүрмийн 12.5-д заасны дагуу сонгогдсон, сум, дүүргийн ахмадын хорооны дарга, сумын баг, дүүргийн хороодын ахмадын зөвлөлийн даргыг зохих хурлын тогтоолыг үндэслэн дээд шатны ахмадын хорооны дарга, энэ дүрмийн 4.3-т заасан ахмадын хороо, зөвлөлийн даргыг зохих хурлын тогтоолыг үндэслэн тухайн байгууллагын дарга нь тус тус баталгаажуулж үнэмлэх олгоно.

12.10. Ахмадын хороо, зөвлөл нь МАхХ-ны дүрмийн зорилго, Удирдах зөвлөлийн шийдвэр болон тухайн нутаг дэвсгэрийн ахмад настны эрэлт, хэрэгцээ, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгод нийцүүлсэн үйл ажиллагааны дүрэм, хөтөлбөртэй,  бие даасан зарчмаар ажилладаг хуулийн этгээд байна.

12.11. Ахмадын хорооны ахмадын Бага хурлаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж  шийдвэрлэнэ:

12.11.1. МАхХ-ны дүрэм, үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөр, ажлын тусгайлсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах;

12.11.2. Ахмадын хорооны дарга, Тэргүүлэгчид болон хороо,зөвлөлийн дэргэдэх Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох, томилох, чөлөөлөх;

12.11.3. Ахмадын хорооны болон Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх;

12.11.4. Ахмадын хорооны үйл ажиллагааны дүрэм батлах, өөрчлөлт оруулах;

12.11.5. Ахмадын хороо, зөвлөлүүдийн эд хөрөнгийн ашиглалт, төсөв, санхүүгийн асуудал;

12.11.6. Дүрэм, үйл ажиллагааныхаа хүрээнд хамаарах бусад асуудал.

12.12. Ахмадын хорооны Тэргүүлэгчид улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

12.12.1. Ахмадын хороо, Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөө, тайлан;

12.12.2. Ахмадын хорооны жилийн төсвийн гүйцэтгэл;

12.12.3. Ахмадын хорооноос тухайн шатны Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгах санал, батлагдсан гэрээний хэрэгжилт;

12.12.4. Ахмадын хороо, зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийг  сонгох /орон гарсан тохиолдолд/ үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр болох хэсэг, хамтлаг, зөвлөл, клубын ахлагчийг томилох, чөлөөлөх;

12.12.5. Засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, арга зүйн нэгдмэл удирдлагаар хангах;

12.12.6. ахмад настан бүрийг тодорхой байгууллагад харьяалуулан бүртгэлжүүлж, хяналт тавих;

12.12.7.ахмад настны холбогдолтой мэдээ, судалгаа, статистикийн тайлан гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх.

12.13. Ахмадын хороо нь тухайн жилд хийсэн ажлаа МАхХ-нд тайлагнана.

12.14. Энэ дүрмийн 4.3-т заасан ахмадын хороо, зөвлөл Ахмад настны нийтийн хурлаар хэлэлцэх асуудлаа Тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

12.15. Ахмадын хороо, зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлыг тухайн Ахмадын хороо, зөвлөлийн дарга  удирдана.

12.16. МАхХ-ны Удирдах зөвлөл, дээд шатны ахмадын хорооны Тэргүүлэгчдийн  шийдвэрээр, эсхүл тухайн шатны ахмадын хорооны Тэргүүлэгчдийн гуравны хоёроос доошгүйн  саналаар ээлжит бус ахмадын Бага хурлыг, дээд шатны ахмадын хорооны шийдвэрээр, эсхүл тухайн ахмадын зөвлөлийн Тэргүүлэгчдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ахмадын Нийтийн хурлыг зарлан хуралдуулж  болно.

12.17. Дүрмийн 4.2-т заасан ахмадын хороо, зөвлөлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ.

12.18. Дүрмийн 4.3-т заасан ахмадын хороо, зөвлөлийг тухайн түшиглэсэн байгууллагын төсөв, үйл ажиллагааны орлогоос санхүүжүүлнэ.

12.19. Энэ дүрмийн 4.2, 4.3-т заасан ахмадын байгууллага нь хөрөнгө, төсөв, санхүүгийн үйл ажиллагааныхаа журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн дүрэмд тусгаж хэрэгжүүлнэ.

12.20. Ахмадын хороо, зөвлөлийн дэргэдэх хяналтын зөвлөлийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах бөгөөд тэдгээр нь тухайн хороо, зөвлөлийн шийдвэрийн биелэлт, өмч хөрөнгө, төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, өргөдөл, гомдлын барагдуулалтад хяналт тавьж, санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.21. Хяналтын зөвлөл нь үйл ажиллагаагаа хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлж, асуудлыг олонхиороо шийдвэрлэж , танилцуулга, дүгнэлт, зөвлөмж гаргаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар ахмадын хороо, зөвлөлд санал оруулж шийдвэрлүүлнэ.

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБОО

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн